Sunday 29 November 2015

YPG

Залуу та салбартаа манлайлагч болохыг хүсэж байна уу

Монголын залуу мэргэжилтнүүдэд зориулсан менторшипийн хөтөлбөр зарлагджээ. Менторшип хөтөлбөр бол ажил, амьдралын туршлага, мэдлэг, чадвар өндөртэй хувь хүнээс өөр бусад туршлага багатай нэгэнд хандаж мэргэжлийн хувьд чиглүүлэгч, үлгэр дуурайл үзүүлэгч мөн зөвлөгчийн үүргийг хувийн болон мэргэжлийн ойр дөт харилцаа холбоог бий болгох замаар гүйцэтгэж байгаа үйл явц юм. Энэхүү хөтөлбөрийг Залуу мэргэжилтнүүдийн холбооны Монгол дахь салбар (The Young Professionals' Group - Mongolia Chapter) байгууллагаас санаачлан хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд энэ талаар тус хөтөлбөрийг санаачлагчдын нэг Т.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. 
Залуу мэргэжилтнүүдийн холбоо буюу The Young Professionals' Group-ийн талаар яриагаа эхэлье.
Залуу Мэргэжилтнүүдийн Холбоо (ЗМХ) нь анх 2000 онд АНУ-ын Калифорни мужид хатагтай Со-Юнг Канг-ны санаачилгаар “Залуучуудад, өөрсдийн нөөц бололцоог нээн олж харахад болон тэднийг чадавхижуулах, ирээдүйд зорьсон зорилгодоо хүрэхэд туслах” зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Одоогийн байдлаар, АНУ, Сингапур, Энэтхэг улсуудад тогтмол үйл ажиллагаа явуулдаг 5 салбартай бөгөөд Монгол, Солонгос, Киргиз зэрэг орнуудад салбаруудаа нээн үйл ажиллагаагаа тэлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна
Тэгэхээр танай хөтөлбөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа залууст тэтгэлэг өгнө гэсэн үг үү?
Бид одоохондоо менторшип үйл ажиллагаа явуулна. Энэ маань тухайн нэг салбарт хүлээн зөвшөөрсөн лидерүүд мэргэжил аргазүйн зөвлөгөөг залууст өгч, чиглүүлэх хэлбэртэй байх юм.  Бид энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд гурван түвшний үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байна. Энэ жилийн хувьд нэгдүгээрт, ажлын талбар дээр гараад нэгээс хоёр жил болчихсон карьерийн хувьд  ахиж дэвших, төлөвлөсөн зорилгодоо хүрэхээр хичээн ажиллаж буй залуу мэргэжилтнүүдтэй ажиллах. Өөрөөр хэлбэл мэргэжлийнхээ хувьд тодорхой  ерөнхий ойлголттой болон тодорхой түвшинд хүрсэн  хэдий ч  илүү өсөж дэвжиж ажиллъя гэж зорьж байгаа ч түүндээ хүрэхэд тусламж, зөвлөмж хэрэгтэй байгаа залуу мэргэжилтнүүдийг хамруулах юм. Ингэхдээ бүтэн жилийн турш менторууд тухайн сонгогдсон залууст зөвлөгөө өгч ажиллана. Үүнээс гадна ментор тус бүр өөрийн мэргэжлийн чиглэлээр сургалт болон нээлттэй хэлэлцүүлэг хийх бөгөөд сард нэг удаа уг хөтөлбөрт хамрагдаж байгаа залуучууд маань бусад менторуудын үйл ажиллагаанд хамрагдахаас гадна өөр хоорондоо уулзалдан санал бодол туршлага зэргээ солилцох бололцоог давхар олгох юм. Хоёрдугаарт, Их дээд сургуулиудын гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнуудад хандсан үйл ажиллагаа ирэх оны 2-р хагасаас хэрэгжүүлнэ. Гуравдугаарт, яваандаа энэ хөтөлбөрт хамрагдаад, төгсөж байгаа залуус болон бусад олон сайн дурын байгууллагуудтай хамтран дунд сургуулийн сурагчдад бас менторшип хийх бөгөөд ийм цикл байдлаар ажиллах төлөвлөгөөтэй байна. 
Ерөнхийдөө ажиглаж байхад ажлын байран дээр гарсан залуус хоёр, гурван жилийн дараа хаачихаа мэдэхээ байчихдаг. Эсвэл шантардаг асуудлууд гардаг. Тийм болохоор юуны түрүүнд Young Professionals буюу Залуу мэргэжилтнүүд гэдгээсээ эхэлье гээд явж байна. 
Бүтэн жил салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнтэй ажиллана гэдэг тун их зүйл сурах хугацаа гэж бодож байна. Харин менторуудын тухайд?
Энэ жилийн хувьд залуу мэргэжилтнүүд чиглэсэн хөтөлбөрийн хувьд бид 12 ментортой хамтран ажиллахаар болсон байгаа. Менторуудаа бид аль болох олон салбараас сонгохыг хичээсэн. Одоогийн байдлаар, уул уурхай, банк санхүү, эрүүл мэндийн салбар, бас үйлчилгээний салбараас орж байна. Мөн УИХ-ын гишүүн  С.Оюун  улс төрийн салбарын төлөөлөн ментор хийх гэж байгаа. Энэ мэт Монгол Улсад ирээдүйд тогтвортой хөгжих боломжтой салбар бүрээс сонгогдсон менторууд маань хөтөлбөрт хамрагдах залуустай ажиллах юм.Гэхдээ менторшип гэдэг маань тухайн менти-гийн мэргэжлийнхээ түвшинд хүрэх хүсэл мөрөөдөлд тулгуурлан хоёр талын хамтран гаргасан төлөвлөгөөн дээр ажлаа явуулах учраас яг одоо бол танд энэ ментор маань ингэж ажиллана гэсэн урьдчилсан мэдээлэл өгөхөд эрт байна. Ямар ч байсан менторууд маань сонгогдсон менти буюу өөрийн хариуцан авч байгаа хүнтэйгээ бүтэн жилийн турш хамтран ажиллана. 
Гэхдээ залуус маань нэг зүйлийг ойлгох хэрэгтэй энэ бол ажил олгож байгаа хэрэг биш. Менторшип буюу залан чиглүүлэх үйл ажиллагаа явуулж, тухайн ментортойгоо харилцан тохиролцон тогтсон хугацаанд уулзаж, мэргэжлийн хүрээнд болон хувийн хөгжлийн тал дээр зөвлөмж авдаг үйл ажиллагаа шүү дээ. Тиймээс үнэхээр мэргэжлийн хувьд өсөж дэвжих, суралцах хүсэлтэй хүмүүс манай хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй явуулахыг уриалмаар байна. 
Энэ чиглэлийн олон хөтөлбөр байдаг байх. Танай хөтөлбөрийн онцлог юу вэ?
Энэ хөтөлбөр олон улсад анх гарахдаа тухайн хүний зан чанар хандлага дээр суурилсан зөвлөмж өгөх, хөгжүүлэх талыг барьж байсан болохоор бидний хувьд ч ирээдүйтэй боловсон хүчнийг сонгохоос гадна тухайн хүний хандлагыг  үндсэн шалгууруудын нэг болгоно. 
Хөтөлбөрөө энэ сарын эхээр зарласан бөгөөд бүртгэл дуусахад 5 хоногийн хугацаа үлдээд байна. Тэгэхээр ажил дээр гараад  нэгээс хоёр жил хөдөлмөрлөж байгаа 20-29 насны залуусыг манай хөтөлбөрт хамрагдахыг уриалж байна. Бидний фэйсбүүк пэйж (https://www.facebook.com/The-Young-Professionals-Group-Mongolia-Chapter-1654269264852780/)-ээс энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 
Хөтөлбөрт хамрагдахын тулд залуус ямар нэг төлбөр төлөх үү?
Олон залуус ингэж асууж байна. Үнэ төлбөргүй. Анхнаасаа залууст, залуу мэргэжилтнүүдэд мөрөөдөлдөө хүрэхэд туслах зорилготой хөтөлбөр учраас  нэгэн төрлийн тэтгэлэгт гэж ойлгож болно. Үүнээс гадна тухайн салбартаа манлайлан ажиллаж буй менторууд маань цаг заваа гарган залууст зөвлөж байна гэдэг нь мөнгөөр үнэлж боломгүй үнэ цэнэтэй зүйл юм. 
Та бүхэнтэй хэрхэн холбогдох вэ?
Энэ хөтөлбөрт Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Залуу Манлайлагчид болон Улаанбаатар Гобал Шейперс Нийгмэлэгтэй хамтран ажиллаж байна. Бидний фэйсбүүк, твиттер-ээр холбогдож хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой. 
МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА:
Хатагтай С.Оюун нь 1998 оноос хойш улс төрд идэвхитэй оролцож буй манай улсын тэргүүлэх улстөрчдийн нэг юм. Тэрээр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Гадаад хэргийн сайд, УИХ-ын дэд даргын албан тушаалуудыг тус тус хашиж байснаас гадна Иргэний Зориг-Ногоон намын тэргүүн билээ.
Түүнчлэн Мянганы хөгжлийн цогц зорилт ба ядуурлыг бууруулах хөтөлбөрийг ахалж ажиллахаас гадна ардчилал, сайн засаглал, залуусын боловсрол, авилгын эсрэг ажилладаг Зориг сангийн тэргүүний ажлыг давхар хашдаг.Тэрбээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны Ассамблейн (UNEA) даргаар Монгол улсаа төлөөлөлөн сонгогдон ажиллаж байна.
Кембрижийн их сургуульд докторын зэргээ хамгаалсан тэрбээр мөн Дэлхийн Эдийн Засгийн форумын Дэлхийн залуу манлайлагчаар шалгарсан цөөхөн Монголчуудын нэг юм.
Хатагтай С.Оюун нь энэхүү хөтөлбөрийн маань нэг ментор буюу дадлагажуулагчаар ажиллах болсныг дуулгахад таатай байна.
Ноён Ө.Ганзориг нь Худалдаа Хөгжлийн Банк, Хас Банк, Улаанбаатар Хотын Банк, Тэнгэр Даатгал, Мандал даатгал зэрэг санхүүгийн байгууллагуудад удирдах ажил хийж байсан арвин туршлагатайгаас гадна Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, Монголын Хөрөнгийн Биржийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, Аудитын хорооны дарга, Санхүүгийн Зохицуулах Хорооны хөрөнгийн захын бодлогын зөвлөлийн гишүүн, Санхүүгийн зах зээлийн холбооны үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч, Санхүү Эрхэлсэн Захирлуудын клубыг үүсгэн байгуулагч, Монголын Бизнесийн Зөвлөлийн (BCM) удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажлуудыг тус тус гүйцэтгэж байна.
Ө.Ганзориг нь эрсдэлийн удирдлага, арилжаа, банк, даатгал, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн, Олон улсын санхүүгийн зах зээлийн холбооны дилерийн сертификатыг эзэмшдэг бөгөөд Маастрихтын Менежментийн Сургуулийн Санхүүгийн Менежментийн зэрэгтэй юм.
Ноён Ч.Ганхуяг нь Монголын Хөрөнгийн Бирж, Монгол Банк, ХасБанк, Тэнгэр Санхүүгийн Нэгдэл зэрэг санхүүгийн институциудад удирдах албан тушаал хашиж байснаас гадна Монгол улсын Сангийн дэд сайдаар ажиллаж байсан. Одоо Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Унгар улсын Будапешт хотын Эдийн засаг, төрийн захиргааны их сургуулийг төгссөн бөгөөд 1997 оноос 2006 оны хооронд АНУ, Египет, Бангладеш, ХБНГУ зэрэг улсуудад санхүүгийн менежмент, удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх чиглэлээр тусгай дамжаануудад суралцаж мэргэжил дээшлүүлсэн.
2000 оноос хойш Улаанбаатар Ротари клубын гишүүн бөгөөд 2007 оноос хойш Олон Улсын Бичил Санхүүгийн төвийн Удирдах Зөвлөлийн гишүүн, Дэлхийн Эдийн Засгийн Форум (World Economic Forum)-аас 2009 онд Дэлхийн Залуу Манлайлагч (Young Global Leader)-ээр шалгарч Монгол улсаа төлөөлж байна.
Улстөр, бизнесээс гадна мэргэжлийн болон олон нийтийн, тэр дундаа залууст зориулсан олон төрийн бус байгууллага, холбоод, клубуудыг санаачлан үүсгэн байгуулж, удирдаж авч яваа ноён Ч.Ганхуяг манай хөтөлбөрт ментороор оролцохоор болсныг дуулгахад таатай байна.
Ноён В.Ганзориг нь Худалдааны сургууль, Худалдаа Хөгжлийн Банк, ХасБанк, Шунхлай Группийн удирдлагын багт ажиллаж байсан ба сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны чиглэлээр ажиллаж, Медиа Групп ба Бат Солюшн Партнерс компаниудад удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай.
Тэрбээр Монголын дауны холбоо ба Монголын тусгай олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүнээс гадна Цахим өртөө холбоо, Монголын маркетингийн холбоо, Санхүү эрхэлсэн захирлуудын клубын гишүүнээр тус тус ажилладаг. Дэлхийн Эдийн Засгийн Форум (World Economic Forum)-аас 2014 онд Дэлхийн Залуу Манлайлагч (Young Global Leader)-ээр шалгарч Монгол улсаа төлөөлж байна.
Австрали болон Япон улсуудад бизнесийн удирдлага ба цахим бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан. ба АНУ (Yale), Англид (Oxford) удирдлага, манлайллын чиглэлээр богино хэмжээнд сургалтуудад хамрагдсан байна.
Ноён Ш.Алтанбагана нь "Тера Экспресс ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхий захирлаар ажилладаг.
Стратеги удирдлага, Маркетинг, Энтрепренёршип чиглэлээр мэргэшсэн Монголын тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг бөгөөд өмнө нь МСS Групп, АПУ компани, Чоно Групп зэрэг Монголын топ групп компаниудад удирдах албан тушаал хашиж байсан арвин туршлагатай.
Герман улсад бизнесийн удирдлагын мастерийн зэрэг хамгаалсан. Монголын Маркетингийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн болон бусад олон нийтийн байгууллагын үүсгэн байгуулагч, идэвхтэй гишүүнээр ажилладаг.Ноён Ш.Алтанбагана манай хөтөлбөрт ментороор орж ажиллахаар болсныг дуулгахад маш таатай байна.
Хатагтай Ж.Баярцэцэг нь Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажилладаг.
Тэрбээр мэргэжлийн хуульч бөгөөд төрийн албанд очихоос өмнө хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, иргэний нийгэм, бодлого судалгааны хүрээлэнгүүд, мэргэжлийн тинк танкуудад ажиллаж байсан.
АНУ-ын хуульчдийн холбоо, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, АНУ-ын конгресс зэрэг олон улсын байгууллагуудад мэргэжлээрээ ажиллаж байсан арвин туршлагатай.
Тэрбээр Монгол банкны удирдлагын хорооны гишүүн бөгөөд Дэлхийн Эдийн Засгийн Форум (World Economic Forum)-аас 2013 онд Дэлхийн Залуу Манлайлагч (Young Global Leader)-ээр шалгарч Монгол улсаа төлөөлж байна.
Хуулийн мастер цолоо Харвардын Их Сургуульд хамгаалсан бөгөөд Колумбын Их Сургуулийн Хуулийн сургуулийн зочин судлаачаар давхар ажилладаг.
Хатагтай Б. Мөнхжин нь Эрнст энд Янг Монголия Аудит ХХК компанид ахлах менежерээр ажилладаг. Тэрээр дэлхийн “4-н Том” аудитын компаниудын нэг болох Эрнст энд Янг-ын АНУ-ын Денвер хот дахь салбарт анх нэгдэн орсон бөгөөд тэндээ 4-н жил ажиллаад, 2012 онд Монгол дахь салбарт өнөөг хүртэл ажиллаж байна. Мөн Эрнст энд Янг-нд орохоосоо өмнө АНУ-д үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан болон бусад салбарын компаниудад мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай.
Монголд оюутнуудын дунд явагддаг байсан Зуны Англи Хэлний олимпиадад тэргүүлж АНУ-ын Лийгийн их сургуульд суралцах эрх авч, тус сургуулийг бакалавр зэрэгтэйгээр, мөн Денверийн Их Сургуулийг магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.
Тэрээр АНУ-ын болон Монгол улсын Мэргэшсэн Нягтлан Бодогч зэрэгтэй. Хатагтай Б.Мөнхжин манай хөтөлбөрийн ментороор орж ирж буйг дуулгахад таатай байна.
Ноён Б.Бямбасайхан нь Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахаас гадна Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн даргын албан тушаалуудыг давхар хашдаг.
Тэрээр дэд бүтэц, эрчим хүч, эрдэс баялгийн салбарт хѳрѳнгѳ оруулалт, санхүүжилтийн удирдлагын арвин туршлагатай. Тухайлбал Монгол Улс дахь анхны салхин цахилгаан станцын тѳслийг 2012 онд удирдан гүйцэтгэсэн.
Эрдэнэс Монгол ХХК-д томилогдохоос ѳмнѳ Б.Бямбасайхан ньхөрөнгө оруулалт, тѳслийн удирдлага, санхүүгийн НоваТерра компанийг үүсгэн байгуулж ажиллсан. Мѳн тэрээр Монголын үндэснийн хѳрѳнгѳ оруулагтын Ньюком Группын гүйцэтгэх захирал, Мобиком Корпораци, Клин Энержи зэрэг компаниудын ТУЗ-ын даргаар ажиллаж байсан. Азийн Хөгжлийн Банкад ажиллаж байхдаа Тѳв Азийн хѳгжиж буй орнуудад эрчим хүчний мега төслүүдийн санхүүжилт, бүтээн байгуулалтад гар бие оролцож байсан туршлагатай.
Тэрээр мѳн Ногоон барилгын зөвлөл, Монголын урлагийн зөвлөл, АНУ дахь Зориг сангийн удирдах зѳвлѳлийн гишүүн, Монголын байт харвааны холбооны дэд ерөнхийлөгчөөр мѳн сонгогдон ажиллаж байна.
Тэр Монгол Улсын Их Сургууль болон Жорж Вашингтоны Их Сургуулийг тус тус дүүргэсэн ба 2014 онд Дэлхийн эдийн засгийн форумаас Дэлхийн Залуу Манлайлагчаар шалгарч Монгол улсаа төлөөлж байна.
 
Ноён Ч.Мэргэн нь АНУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Вагнер Ази Автоматив” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрээр менежмент, маркетинг, борлуулалт, санхүү, мэдээллийн технологийн чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан залуу үеийн шилдэг төлөөлөл юм.
Мөн тэрээр АНУ-ын “Corporate Express” компанид ашгийн шинжээч, “Kдrcher Floor Care” компанид үнийн бодлогын шинжээч, “Sweet Road” ХХК-д ерөнхий менежер, “TSMGM” компанид захирлын үүргийг тус тус гүйцэтгэж байсан. Түүнчлэн интернет маркетинг болон веб хөгжүүлэлтийн “Webguru” компанийг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар ажиллаж байсан туршлагатай.
Ч. Мэргэн нь Дэлхийн Залуу Ерөнхийлөгчдийн байгууллагын Монгол дахь салбарын боловсрол хариуцсан дарга, Монголын Автоматив Дистрибьютерийн холбооны үүсгэн байгуулагч, Форд компанийн Ази Номхон далайн орнуудын зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна. Үүнээс гадна Ротари клуб, Айесек Монголиа ТББ-уудын ерөнхийлөгч, даргын үүргийг гүйцэтгэж байсан.
Тэрбээр Колорадо Мужийн Их Сургуулийн Бизнесийн Удирдлагын бакалавр зэрэгтэй бөгөөд Харвардын Бизнесийн сургуулийн “YPO-WPO Presidents” хөтөлбөрт хамрагдсан.
Ноён Ч. Мэргэн нь манай энэхүү хөтөлбөрт ментороор орж ирж хамтран ажиллах болсныг дуулгахад таатай байна
Хатагтай Б.Энхзаяа нь Монголын анхны тансаг зэрэглэлийн итали ресторануудын нэг ROSEWOOD-ыг үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхий захирлаар нь ажилладаг. Тэрээр Монголын Хоол үйлдвэрлэлийн салбарын үйлчилгээний чанарыг Ази болон Дэлхийн хэмжээнд хүргэхийн төлөө өөрийн мэдлэг, туршлагаа харамгүй зориулан ажиллаж буй ажил хэрэгч эмэгтэй юм.
Б.Энхзаяа нь 2008-2009 онд АНУ-ын Виржиниа мужийн Грэйт Бэй Коллежийг төгсөж, Нью Хэмпшайрын Их Сургуульд 2009-2011 онд Олон Улсын Бизнесийн бакалавр зэргийг хамгаалсан. Тэрээр оюутан байх хугацаандаа нийгмийн идэвхитэй оюутан байсан бөгөөд Киванис клубын Ерөнхийлөгчөөр 3 жилийн турш дараалан сонгогдон ажиллаж байсан. Мөн суралцаж байх хугацаандаа SPCA- амьтдын хорогдох газарт- Сайн дурын ажилтан, Хабитат фор Хүманити- сайн дурын ажилтан, Circle-K-д гишүүн, 2014 оноос өнөөдрийг хүртэл Youth Business International (YBI)-Ментор, Junior Chamber International (JCI) – Прогресс салбар байгууллагын Олон Улсын Харилцааны хороон дарга, 2015 оноос одоог хүртэл Global Shapers Ulaanbaatar Hub-гишүүнээр тус тус ажиллаж байна.
Үйлчилгээний салбарт ирээдүйн чадварлаг боловсон хүчнүүдийг бэлтгэхэд өөрийн оролцоог бий болгож Их, Дээд сургууль болон Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвүүдтэй хамтран ажиллаж байна.
Б.Энхзаяа нь 2004-2008 онд Виржиниа Харрисонбургт байрлах L’Italia Тансаг зэрэглэлийн Итали Ресторанд 2 жил ажиллахдаа зөөгчөөс Менежер болон дэвшиж, 2008 онд Виржиниа Харрисонбургт Rosa’s Мексик ресторанд Менежер, 2009-2010 Нью Хэмпшайрын Стратхамд байрлах Margarita’s ресторанд Менежер, 2008-2011 онуудад Нью хэмпгайрын Портсмаутад Somia Интериер Дизайны компанид Дизайны зөвлөх, 2010-2011 Dashi Asian Fusion ресторанд зөвлөх, 2010 оноос хойш Сиракьюз ХХК-д Ерөнхий захирал, 2014 оноос BA Management Services компанийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.
Б.Энхзаяа нь 2014 онд Forbes Mongolia сэтгүүлээс шалгаруулсан “Монголын Хүчирхэг 20 эмэгтэй”, 2014 онд Үйлдвэрлэл Хөдөө Аж Ахуйн Яамны Жуух бичиг, 2014 онд Монголын залуучуудын холбооны Тэргүүний Залуу Бизнесмен, 2015 Forbes Mongolia сэтгүүлийн “30 Under 30”-р тус тус шалгарч байсан.

Tuesday 24 November 2015

We will miss you!

Бид бүгдийн Болормаа

Цаг хором бүр улам даяар болж буй дэлхий нийтийн орчин цагийн сэтгүүл зүйн гол хандлагыг аливаа сэтгүүлч ямар нэг чиглэлээр дагнан бичиж, түүндээ мэргэшиж, бичсэн контентийнхоо эзэн нь болж байж хүрдэг амжилтаас гадна иргэдэд илүү бодитой, мэдээллийг хурдан шуурхай хүргэх боломжууд шууд тодорхойлж байдаг. 

Л.Болормаа чухам эдгээр хандлагыг бусдаас түрүүлж мэдрэн сэтгүүлчдийнхээ хувьд нэг алхам урд нь явж байсан гэж боддог. Монголд сүүлийн хэдэн жил болж буй уул уурхайн хямрал, үүнээс улбаалсан улс төр ба засаглалын гажуудал, түүний тухай үнэн бодитой, тоо баримттай, аналитик нийтлэл, ярилцлага, нэвтрүүлгийг түүний бүтээлүүдээс л олж унших, үзэх, ойлгох боломжтой гэдэгтэй олон хүн санал нийлэх байх аа. 

Уул уурхай бол хүн бүрийн атгаж аваад нийтлэл бичдэг сэдэв огт биш билээ. Тодорхой ахисан түвшиний боловсролтой, мэдээлэл хайх чадвартай, түүндээ боловсруулалт хийгээд дүгнэлтээ гаргаад энгийн хэнд ч ойлгомжтойгоор хүргэх мэдрэмж бас хариуцлага нь хүн бүрийн хийж чадах, хийхийг хүсдэг ажил биш юм. Л.Болормаа чухам энэхүү хариуцлагатай ажлыг иргэний болон мэргэжлийн сэтгүүлзүйн хүрээнд Монголд хамгийн сайн,  бүр шилдэг түвшинд хийдэг ганц сэтгүүлч байсан гэж бид үнэлж ба хүндэлж явдаг байсан. Түүний гаргасан нийтлэлд бүгд итгэхээс гадна ухаарал, ойлголт, мэдлэг авч толгой дохихоос бус өөртэй нь дүйцэхүйц үндэслэлтэй тайлбар хийгээд няцаачих хүн хир бараг гардаггүй байсан билээ. 

Л.Болормаа сэтгүүлчийнхээ хувьд ч тэр, хувь хүнийхээ хувьд ч тэр олон нийт дунд даруухан, ухаалаг, мэдлэгтэй чанараараа тодоос тод ялгарч байсан гэж боддог. Мэргэжлийн хариуцлагатай сэтгүүлчийн ажлаасаа гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн төлөө асар их ажлыг өөрийн хүрч, хүргэж чадах бүхий л түвшинд амьдралынхаа сүүлийн хором хүртэл хийж байсныг түүний сүүлчийн нийтлэл, жиргээнүүдээс тодхон харж болно. Л.Болормаа маань Монголын Тусгай Олимпийн Хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр уригдан орж оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн төлөө урьд өмнөхөөсөө илүү их ажлыг улам эрчтэйгээр хийхээр төлөвлөж байсныг нь бодохоор бидэнд ямар том гарз, ямар хүнд хохирол учирсныг үгээр илэрхийлэхэд ч багадаж байна. 

Таны хийж байсан ажил, мөрөөдлийг гэр бүл, хамт олон тань хамтдаа үргэлжлүүлэх болно оо! Бидний бүгдийн маань Болормаа минь бурхны оронд тавтай нойрсоорой!

Гүнээ эмгэнэсэн: 
УИХ-ын гишүүн, Монголын Тусгай Олимпийн хорооны тэргүүн С.Оюун
Монголын Тусгай Олимпийн удирдах зөвлөлийн гишүүн В.Ганзориг

Monday 9 November 2015

Global Dignity Day

Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн өдөр

Хүн нэрээ, тогос өдөө”; “Нэр хугарахаар яс хугар гэх зэргээр Монголчууд эртнээс нэр төрөө эрхэмд үзсээр ирсэн бололтой юм уг нь бол! Гэвч өнөө үед яг ямар нэр хүндийн төлөө ямар хүмүүс нь юуныхаа ясыг хугалан барин хөөцөлдөөд буй нь зарим үед огт ойлгомжгүй, бүр утгагүй харагдах. Заримдаа хэн нэгэн хүний нэр хүндийн төлөө өөрийнхөө ясыг хугалан барих гүйх залуусыг хараад бахархах нэг хэцүү, бачимдах нэг хэцүү болох.

Эрхэм баян нэр төр гэдэг бол миний ойлголтоор дотоод гоо сайхан (inner beauty) гэдэгтэй адил баггүй хувь хүний бүрхүүлгүй мөн чанар билээ. Үнэндээ өнөөгийн манай нийгмээс ийм хүмүүсийг олох нь ноосон дундаас зүү олохтой адил шахуу болсон гэж хэлэхэд бараг хэтэрсэн болохооргүй мэт.

Нэр төртэй, ноён нуруутай, зарчимтай амьдрах гэдэг нь өнөөдөр утгагүй бөгөөд ойлгомжгүй мэт сонсогдох боловч манай өнөөгийн нийгэмд хамгийн томоор ган, зуд болоод байгаа асуудал бөлгөө. Өнгө, мөнгөнөөс илүү нэр төр гэдэг зүйл яагаад байх ёстой юм, яагаад хэрэгтэй юм гэж олон мянган жил философчид маргалдаж, мэтгэлцэж ирсэн байх юм түүхийг сөхвөл.

Дэлхийн эдийнзасгийн форумын дэргэдэх Дэлхийн залуу манлайлагчдын форумаас Даян Дэлхийн НэрТөрөө Эрхэмлэх Өдрийг бий болгон зарлаж тэмдэглэж ирсээр даруй хэдэн жил болсон ажгуу. Гол сонирхолтой зүйл нь тэд нэр төрийг тодорхойлохдоо хүний эгнэшгүй эрхтэй адилтгасанд байгаа юм. Тэрнээс гадна хүний нэр төр гэдэг зүйл бол хүн өөрийгөө танин мэдэх буюу “Би ер нь хэн юм бэ” гэдэг асуултанд хариулахаас эхэлдэг юм гэдэг санааг гаргасан бололтой юм. Олон хүнтэй уулзаад явахаар үнэхээр яг энэ асуултанд өмнө нь хариулж байсан, хариулахаар бэлдэж байсан хүмүүс миний хүрээн дотор Монголд бараг байгаагүй нь намайг шоконд оруулахаас илүү айлгасан билээ.

Манай Монгол Улс Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдрийн санаачлагад 2009 оноос нэгдэж 7 дахь жилдээ олон нийтэд уг санаачлагыг таниулан сурталчлан ажиллаж байна. Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Өдөр санаачлагын зорилго нь хүн бүрт хүмүүн заяа болж төрсөний эрхэм чанарыг ойлгуулж, нийгэмдээ нэр хүндтэй, зөв бие хүн болж төлөвшихөд хөтлөх юм. Ингэснээр хүн төрөлхтөн өөрт тулгарч буй асуудлуудыг өөр өнцгөөс харах, энх тайван, ядуурал болон хөгжил дэвшлийн талаархи ойлголт ухагдахуундаа шинэ хэллэг, шинэ сэтгэлгээг бий болгох чухал ач холбогдолтой аж. Энэхүү санаачлагыг одоогоор дэлхийн 100 гаруй улсад тэмдэглэн өнгөрүүлдэг болоод байна.

Уг санаачлага нь дараахь 5 үндсэн үзэл санаанаас бүрддэг:
  1. Хүн бүр өөрийн амьдралыг нэр төртэй авч явах эрхтэй.
  2. Нэр төртэй амьдарна гэдэг нь өөрийн нөөц бололцоо, чадвараа бүрэн дүүрэн ашиглах боломжтой байхыг хэлнэ. Энэ нь эрүүл мэнд, боловсрол, орлого, аюулгүй байдлын үндсэн хэрэгцээг авах тэгш эрх дээр тулгуурлана.
  3. Нэр төртэй байна гэдэг нь хүн өөрийн амьдралд өөрөө шийдвэр гаргах эрх чөлөөтэй байхыг хэлэх бөгөөд уг эрхээ хүндлүүлэхийг хэлнэ.
  4. Нэр төр нь аливаа үйлдлийн үндсэн чиг баримжаа, суурь байх ёстой.
  5. Эцсийн дүнд, бидний өөрийн нэр төр бусдын нэр төртэй харилцан хамааралтай байна.
Өнгөрсөн хугацаанд буюу нэг хэсэг манай нийгэм ажлыг сайн хийх, эсвэл муу хийх дээр нилээд маргалдаж цаг авчээ. Харин одоо ямар ч ажлыг зөв эсвэл буруу хийх нь нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр шууд оруулахаар болжээ. Үүнд маш олон шалтгаан байгаа. Ажлыг зөв хийхээс гадна илүү мэргэжлийн түвшинд ажлыг хийнэ, хийж чадна гэдэг нь өөрөө Made in Mongolia гэдэг шиг оригнал шошго болох мэт.

БИД, манай үеийн залуус, ах эгч нар маань, аав ээжүүд минь, эмээ өвөө нар маань бүгд хэн нэгэнд үнэнч явснаараа алдаж, оносон нь бишгүй л байх. Гэхдээ тэдний дундаас арай илүү амжилттай яваа нь өөрөө өөртөө үнэнч байсан хэсэг нь мэт харагдах ба бүр илүү амжилттай яваа нь өөрсдийн үзэл бодолдоо үнэнч явсан нь харагдаад байх юм аа.

Толинд бултаараа өглөө бүр өөрийн зүс царайгаа бус дотоод сэтгэл, үзэл бодлоо харж, дүгнэлт хийж, тордож сурцгаая!