Saturday 25 July 2015

Special Olympics Summer Games to start!

Тусгай Олимпийн Зуны Наадам хэдхэн мөчийн дараа эхлэх гэж байна
Монголчуудын хувьд Тусгай Олимп (Special Olympics) нь цоо шинэ билээ. Бараг уулзсан хүн болгон, найзууд маань тэр нь юу байдаг юм, Пара Олимпийг хэлэд байна уу гээд бүр ямар ч ойлголтгүй байгаа нь илт мэдэгддэг. Иймээс Тусгай Олимпийн талаарх товчхон мэдээллийг та бүхэндээ хүргэх нь зүйтэй гэж бодоод энэхүү мэдээллийг тэрлэн сууна.
АНУ-ын ерөнхийлөгч асан Кеннедийн нэрэмжит сан байдаг. Энэхүү гэр бүлийн нэг гишүүн нь болох Eunice Kennedy Shriver 1957 онд энэхүү сангийн үйл ажиллагааг оюуны хөгжлийн бэрхшээлтэй сегмент рүү чиглүүлэх гол ажлыг нь гардан хийсэн түүхтэй. Яагаад гэвэл тэр үед оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг дэлхийн улс гүрнүүд хэрхэн ялгаварлан гадуурхаж, шударга бусаар харьцаж, нийгмийн зохист үйлчилгээг үзүүлэхгүй байгааг мань эр маш сайн анзаарч, бас мэдэрч чаджээ. 1960-аад оны үед АНУ-д хүртэл оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тоглох газар олддоггүй байлаа.
1962 оны 6 сард Shriver Мэриланд дахь гэрийнхээ цэцэрлэгт оюуны хөгжлийн бэрхшээлтэй 35 хүн, мөн тооны сэтгэлзүйч, эмч, мэргэжлийн хүмүүсийг цуглуулан бяцхан арга хэмжээг хийснээр Тусгай Олимпийн Хөдөлгөөн үүссэн түүхтэй. Shriver-ийн гол зорилго нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхдүүд спорт болон нийгмийн бусад оролцоо дээр хийж чадахгүй, оролцож чадахгүй зүйлсийг нь илрүүлэхээс илүүтэйгээр эсрэгээрээ буюу тэдний чаддаг, хийхийг хүсдэг зүйлсийг нь тодорхойлж, түүн дээр нь дөрөөлөн тэднийг бусдын адил иргэн болгохыг зорьж байлаа. Эхний оролдлого маш амжилттай болсон түүхтэй. Олон нь хүн гайхаж хоцорсон гэдэг. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд усанд сэлж, хөлбөмбөг тоглож, сагс тоглож, морь унан давхин уралдаж буйг хараад олон хүн нүдэндээ итгээгүй гэдэг. Shriver-ийн таамаглаж байснаар ийм хүүхдүүдтэй зөв харьцаж, сургаж, уйгагүй ажиллаж чадвал бусдын боддог шиг ”хэцүү”, чадваргүй, “оюуны асуудалтай” биш болох нь нотлогдсон байна. Өөрөөр хэлбэл яг л бусад хүүхдүүд шиг дуртай зүйлсээсээ авч буй таашаал, баяр баясал, аз жаргал нь нүдэн дээр илт харагдана.
Тухайн үедээ Camp Shriver гэж эхэлсэн энэхүү хөдөлгөөн нь өдгөө Дэлхийн Тусгай Олимп болон өргөжжээ. Тусгай олимп гэдэг нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, насанд хүрсэн хүмүүсийн спортын өрсөлдөөн, уралдаан тэмцээн бөгөөд гол зорилго нь энэхүү төрлийн хүмүүсийг спортоор дамжуулан биеийн болон оюуны хөгжлийг нь дэмжих, урам зориг өгөх, зөвхөн тэдний хооронд төдийгүй гэр бүл, найз нөхдүүдийн хүрээнд анд нөхдийн сүлжээ үүсгэх юм.
Хамгийн анхны Дэлхийн Тусгай Олимпийн Зуны Наадам 1968 онд АНУ-ын Чикаго хотод болсон бөгөөд АНУ болон Канадын нийт 1000 орчим тамирчид оролцсон түүхтэй. Өдгөө 2 жил тутам ээлжлэн Тусгай Олимпийн өвөл ба зуны наадмууд зохиогддог юм.
Өнөөдөр буюу 2015 оны 7-р сарын 25-нд АНУ-ын Лос Анжелес хотын Coliseum цэнгэлдэх хүрээлэнд зуны наадам эхлэх гэж байна. Shriver-ийн ах АНУ-ын ерөнхийлөгч асан Кеннеди нэгэнтээ энэхүү цэнгэлдэх хүрээлэнд улс төрийн томоохон алхамуудаа хийж, “Лос Анжелес хот бол хүн өөрөө л хүсвэл бүх зүйлийг хийж бүтээх бүрэн боломжтой газар” гэсэн алдарт үгээ хэлж байсан түүхтэй.
Дэлхий дээр өнөөдөр нийт 200 сая оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд байдаг бөгөөд эдгээрээс одоогийн байдаар дөнгөж 4,4 сая хүн нь Тусгай Олимпийн наадамд оролцож байна. Нийт тоонд нь харьцуулбал тун бага тоо бөгөөд Монгол Улсын хувьд энэ жил анх удаа зуны наадамд оролцож буй юм. Хатуухан хэлэхэд таван хошуу малынхаа тоо, зүсийг алдахгүй мэдэж, одоо бүр чипээр тоноглоно гэж ярьж буй бидний хэдэн Монголчууд 3-хан сая хүнийхээ хэд нь ямар хөгжлийн бэршээлтэй, асуудал нь хаана байна, шийдэл нь юу байж болох вэ гэдэг том зургийг харж буй хандлага нь олон улсын түвшинд хараахан хүрээгүй л байна. Бидний хувьд хийх ажил асар их буйгаас гадна ард иргэд, нийгэм маань өөрөө хангалттай мэдэээлэ, мэдлэг, боловсролтой болох нь зүй ёсных буй заа.
Дэлхий дээр нийт 1,5 сая сайн дурын ажилчид, сурагчид, оюутнууд дэлхийн өнцөг булан бүрд ажилладаг бөгөөд тэд нарт зориулсан тусгай хөтөлбөр хүртэл байна. Өнөөдөр эхлэх зуны олимпийг ойролцоогоор 500000 хүн ирж үзэхээр байгаа бөгөөд ESPN суваг дэлхий даяар шууд дамжуулан цацахаар тун завгүй ажиллаж байна. Дунджаар 81000 Тусгай Олимпийн тоглолт, уралдаан тэмцээн жилд болдог бөгөөд энэ нь дунджаар өдөрт 222 тоглолт дэлхийн өнцөг булан бүрт зохиогддог гэсэн үг. Энэ удаагийн зуны наадамд нийт 7000 гаруй тамирчид, 3000 гаруй дасгалжуулагчид оролцож буй бөгөөд нийт 177 улс спортын 25 төрлөөр өрсөлдөх нь ээ.
Эцэст нь хэлэхэд Тусгай Олимп гэдэг нь Пара Олимп биш бөгөөд та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг http://www.specialolympics.org/ сайтаас болон Лос Анжелесийн олимпийн талаарх мэдээллийг http://www.la2015.org/ сайтаар орж аван түүхэндээ анх удаа оролцож буй Монгол улсаа дэмжээрэй. Энэхүү олимп ба тэмцээний гол онцлог нь хэн нэг нь түрүүлэх, медаль авахдаа биш бөгөөд гол нь оролцоо байдаг юм билээ.

Sunday 19 July 2015

Perception society


Яагаад блогоо бичих ээ байв аа, фэйсбүүкийг чинь би хэрэглэдэггүй ээ гэсэн нижгээд мессеж, имэйлийг өнгөрсөн саруудад авч таних болох танихгүй хүмүүст багагүй "загнууллаа". Хэдий хуучин шигээ идэвхтэй бичиж чадахгүй, амжихгүй болсон ч гэсэн энэ муу хуучин блогоо ор тас хаалгүй боломж, заваараа бичвэрээ бичээд явсан нь дээр гэж эцэстээ сэтгэв. "Хааш хаашаагаа тавхан фэнтэй" хүн чинь бас цөөн ч гэсэн тэднийгээ хүндэтгэе ээ:)   

Шинэ постоо "Гэнэ ээ" нийгэм гэж нэрлэлээ. Болгооно уу.

“Гэнэ ээ” нийгэм

Бидний дийлэнх маань өнгөрснөө бодож, одоотойгоо ноцолдон, ирээдүйгээ төсөөлсөөр өөрийнхөөрөө байж чадахаа больсон мэт. Бусдын тухай, юмсын талаарх зөвхөн өөрийн төсөөлөл, эсвэл үгийг нь сонсдог улсуудын шүүмж, сонсохыг хүсдэг хүмүүсийн бодол, бусад хүмүүс сонсоод дагаад байгаа хүмүүсийн тайлбар дээр бид голцуу үнэндээ амьдарч, бас ажиллаж байна. Товчхон хэлбэл хов жив болон зөвхөн өөрийн сонсохыг хүссэн мэдээ, мэдээллээр борхон тархиа өлдөөн амьдарч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бидний өнөөгийн нийгэм маань тэр тэгж гэнэ ээ, энэ ингэсэн гэнэ ээ гэсэн “гэнэ ээ”-гийн нийгэм болжээ. Жиргээн дээр ч энэхүү үг бүхий хаш таг хамгийн богино хугацаанд тренд үүсгэж чаддаг нь нэгийг хэлээд буй мэт.

Харин биднээс илүү хөгжөөд буй улсууд хараад байхаар “гэнэ ээ”-гээс илүү бодит факт буюу баримт, шинжлэх ухааны бус юм аа гэхэд ядаж нийгмийн суурь болон мэргэжлийн судалгаанд ач холбогдол өгөөд байх шиг. Түүнчлэн хоосон бодол, бусдын тайлбараас илүү бусдын үйлдэл, мэдлэг, туршлагыг үнэлэн бие биестэйгээ харилцан ашигтай хамтран ажиллаад буй мэт харагдах. Чухам ийм үед л хувь хүний болон нийгмийн хандлага өөрчлөгдөж эхэлдэг бололтой санагдах. Өөрөөр хэлбэл бичсэн зүйлсийн утгыг бусдын өмнөөс тайлбарлахын оронд уг агуулгыг яах гэж бичсэн тухай ойлгохыг жаахан хичээхэд л хүмүүсийн хандлага шал өөр болох боломжтой мэт.

Харин бидний мөрөөддөг өндөр хөгжилтэй орнуудын хувьд алсын хараанаас өөр зүйлийг бараг ярихаа больжээ. Гэхдээ “алсыг харахын” тулд яах аргагүй эхлээд бусдын бодолд үнэмшин итгэж, бодит зүйлстэйгээ нүүр тулж мөргөлдөх үе шатыг туулаад байх шиг. Гол нь энэхүү үе шатуудыг хир хурдан эсвэл удаан хугацаанд туулж буйгаас шалтгаалан хувь хүн болон нийгэм улсын хөгжлийн хурд хэмжигдээд буй бус уу? Өндөр хөгжилтэй орнуудад хамгийн түрүүнд ярьдаг, бас хамгийн давтамжтай хэлдэг үгс бас хийдэг зүйлс нь үнэ цэнэ, үүрэг хариуцлага, шинэ боломж, бүтээлч санаа л байна.

Гэвч манай “гэнэ ээ” нийгэмд дээр дурдсан үнэ цэнэ, үүрэг хариуцлага, алсын хараа гэдэг үгсийг утга агуулга нь өөрөө “гэнэ ээ” болчихоод буй нь юутай харамсалтай!!!

https://twitter.com/ganzorigv