Monday 28 December 2009

Christmas

Дэлхий даяар жил бүр Исүүс Христийн төрсөн өдрийг улам бүр л өргөн тэмдэглэдэг болж байх шиг байна. Анх үнэндээ энэхүү баярын утга учрыг ч мэдэхгүй бусдыг даган цэнгэн хөгждөг байж. Сүүлийн хэдэн жил Зул сарын баярыг Сингапур, Австрали, Шинэ Зеланд, Япон гэсэн улсуудад загалмайн шашинтай гэр бүлийнхэнтэй жинхэнэ утгаар нь тэмдэглэж үзэх завшаан надад тохиолдож байсан бөлгөө. Сүүлийн үед бүтээгдсэн нилээд хэдэн кино дандаа ертөнцийн төгсгөл, галав юүлэлт, сатаан чөтгөр, бурханы тухай болоод буй. Библи дээр яг энэ тухай бичсэн байх. Түүнчлэн Да Винчи Код ба Анжэлс ба Демонс кинонуудыг дахин "анхааралтай" үзээд жижигхэн толгой минь бүр эргэв. Хэдийгээр бодит түүх биш ч гэсэн. Энэ жил сургуулийн өвлийн урт амралттай байгаа тул ер нь энэ баярын утга учир юусан билээ хөө гээд нилээд судлах гэж оролдов. Библи гарчиглаж, Христийн тухай Жонийн тэмдэглэл дээр суурилж хийсэн киног үзэж, энэ сэдвээр олон хүнтэй ярьж байсан түүхээ эргээд нэг санах гэж оролдов. Тэгээд дараах хэдэн асуултанд хариулт олох ёстой юм болов уу гэж бодогдоод...

·        Яагаад Монголоор Зул Сарын Баяр гэж хэн анх орчуулсан юм бол оо?
·        Санта Клаус ба Зул сарын баярын хооронд шашин, зан үйлийн холбоо байдаг эсэх?
·        Библи гээд нэг судар байсаар байтал яагаад дэлхий дээр католик, протестант, иүдэй, мормон, ортодокс гэх мэтчилэн олон төрлийн урсгалууд үүсэн гарч одоог хүртэл тухай тухайн бүс нутагтаа нөлөө бүхий байсаар байгаа юм бэ? Цаашилбал бас Евангалист, Преспитерян сүм гэм мэтээр задрах юм шиг байгаа юм. Дахиад яагаад?
·        Ромын поп болон Ватикан нь католикуудаас бусад урсгал дагагч нарын хувьд хэн болж, ямар хамааралтай субъектууд болж буй юм бэ?
·      Хүн төрөлхтөн бидний хэрэглэж буй цаг хугацааны хэмжүүр Христийн төрсөн үеэс эхлэн тооцогдож ирсэн. Энэ жил Христ амьд байсан бол 2009 насалж байх байж. Японд бол тухайн үед төр барьж байгаа эзэн хааныхаа нэрээр он жилийн хэмжүүрээ хөтөлдөг аж. Харин дэлхийн бараг бүх улс яагаад Христийн мэндэлсэн үеэс эхэлсэн он цагийн тооллыг шууд хэрэглэж, хэн, аль улс үүнийг дэлхий даяар стандарт болгов?
·        Миний ойлгосноор загалмайн шашны гол утга нь ертөнцийн эзэнд итгэ, Библи дээр бичигдсэн сургаалийг нь дага. Тэгвэл нас барсныхаа дараа диваажинд очно гэдэг. Диваажин байдаг гэдгийг шинжлэх ухааны үүднээс биш юмаа гэхэд өөр ямар нэгэн аргаар баталсан, батлахыг оролдсон оролдлогууд байдаг эсэх?
·         Дээрх логикоор бол Христийг төрөхөөс өмнө буюу 2009 жилийн өмнө буюу манай эриний тооллоос өмнө амьдарч байсан хүмүүс, хүний өвөг дээдэс диваажинд очих хувьгүй гэсэн үг үү?
·        Түүнчлэн Монголд ердөө арван хэдхэн жилийн өмнө энэхүү шашин чөлөөтэй орж ирсэн гэж бодохоор диваажинд 1970-аад оныхоноос өмнөх үеийн Монгол хүн бараг очих боломжгүй болоод байдаг. Учир нь тэдэнд хангалттай мэдээлэл байгаагүй. Энэ нь хир “шударга” зүйл вэ?
·         Диваажин байдаг гэж төсөөлөөд бурхан итгэсэн бүх хүн тэнд очлоо гэж бас бодож үзэв. Энэ тохиолдолд цаг хугацааны (цаг хугацааны гажуудал) эрэмбэ дараалал алдагдах эсэх? Ухаан нь би аав, өвөө, элэнцтэйгээ цаг хугацааны нэг мөчлөгт байх юм уу? Энэ нь ер нь “зөв” болон “хэрэгтэй” эсэх?
·         Диваажин байдаг гэж дахин төсөөлөөд үзэхэд энэ дэлхий дээр ядуу, стресстэй, өвчтэй амьдарч байснаас одооны амьдралаа золин шууд диваажин руу явж болох эсэх (Энэхүү үйлдлийг нөгөө талаас нь амиа хорлолт гэж бас хэлж болохоор)? Үүнийг ертөнцийн эзэн, Христ юу гэж тайлбарласан байдаг эсэх?
·        Ертөнцийн эзэн бүгдийг бүтээсэн бол сатан буюу чөтгөрийг хэн бүтээв? Диваажинг ертөнцийг эзэн удирддаг бол Тамын эзэн нь хэн вэ? Энэхүү логикийг юу гэж тайлбарладаг эсэх?
·        Буддизм, Лал, Хиндү зэрэг бусад шашныг загайлмайн шашин юу гэж үздэг эсэх болон хоорондын хамаарал ба “ашиг, сонирхолын” зөрчил хир байдаг эсэх?
·        Монголын Нууц Товчоог Монгол “Библи” гэж мэтгэлцэж болмоор ч юм шиг гэх мэтчилэн зарим ч дэмий балай ч юм шиг асуултуудад мэддэг хүнээс нь хариулт авмаар гэнэт санагдав.

Энэхүү бичлэг нь загайлмайн шашныг “өдсөн”, үл хүндэтгэсэн хэрэг огт биш бөгөөд логик утгатай, болж өгвөл шинжлэх ухаантай хир холбогдох боломжтойг нь мэдэх гэсэн миний яагаад гэсэн асуултуудын зарим нь юм.

Яг үүнтэй адилхан бусад шашны ном зохиолыг тухтай ухаж үзвэл бас бус асууж тодруулах зүйл нилээд гарах санж.


Wednesday 23 December 2009

Ecosystem

Экосистем

Монголд ашигтай бизнес орж ирэхэд бараг толгойтой бүхэн шуураад тухайн бизнесийг утгагүй болгодог гэж миний уулзаж байсан нилээд хэдэн бизнес хийдэг залуус ярьж байсан. Тийм ч учраас өдгөө хүмүүст үнэхээр нөгөө үл үзэгдэгч гар бүх юмыг зохицуулах эсэх дээр эргэлзэж эхлэн хүчтэй маргаан дэлхий даяар өрнүүлж байна. Монгол улс шиг жижигхэн бөгөөд олигополь, монополь бүтэцтэй зах зээл дээр чөлөөт эдийн засгийн өгөөжийг бид хүлээгээд хэрэггүй мэт. Бид цөөхүүлээ тул мэдээлэл хурдан дамждаг. Бас болоогүй ээ хоорондоо “хор найруулж” шударга бус байдлаар давуу тал олж авахыг эрмэлзэнэ. Дээрээс нь бидний хэрэглээ маань дэлхийн зах зээлтэй харьцуулахад өчүүхэн тул том далайд аялж буй Монгол хэмээх жижиг завины хитэг дээр ашигтай бизнес байна гэж мэдээ сонсонгуутаа бүх зорчигчид завины хойд хэсэг рүү гүйлдэн очиж тэнд шавж өнөө муу завиа тэр чигээр нь хөмрүүлчих гээд байгаа ч юм шиг. Төгс өрсөлдөөнт зах зээлийн онолын дагуу бол энэхүү харгис өрсөлдөөний явцад шилдэг нь үлдэж бусад нь шүүгддэг гэх хэдий ч эдгээр өрсөлдөөний явцад замд нь үрэгдэж буй хэсгийг зөнд нь хаяж болж байна уу, үгүй юу? Хадгаламж, зээлийн хоршоод, банкуудын дампуурал, барилгын компаниудын савалгаан, уул уурхайн гэрээ, маргаанууд гэх мэт. Кэйнс ах тэртээ олон жилийн өмнө иймэрхүү асуудлыг төрийн оролцоотойгоор бүр болохгүй бол хүчиндэж шийдэх боломжтой гэж томъёолсон боловч энэхүү томъёолол бодит амьдрал дээр төгс утгаараа хэрэгжиж буй эсэх дээр том асуултын тэмдэг яваад байгаа.

Бизнест өрсөлдөөн чухал хэдий ч Монгол шиг маань жижиг зах зээл дээр ижил салбарт хүчээ үзэж буй компаниудын хувьд хоорондын хамтын ажиллагаа өнөөдөр өрсөлдөөнөөс илүү чухал мэт санагдах болов. Cooperation ба Competition гэдгийн нэгдэл болох Co-Opetition зарчмын тухай онол, бизнесийн арга зүй өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжээд удаж буй юм байна. Ухаан нь бизнесийн ярвигтай бүхэл бүтэн орчил, нэгдлийг Экосистем гэх агаад түүнд оролцогч нар нь компаниуд, худалдан авагч нар, бэлтгэн нийлүүлэгч нар, өрсөлдөгч нар, дундын агентууд зэрэг нь багтаж байгаа юм. Миний ойлгож буйгаар эдгээр дээр засгийн газар нэмж орж ирвэл сүүлийн үед их хэрэглэгдэх болсон PPP  буюу Public, Partnership, and Private гэсэн загвар руу ороод байгаа юм уу даа. Дэлхийд алдартай Суэцийн сувгийг энэхүү зарчим дээр тулгуурлан бүтээсэн гэдэг. Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулалтаар бүх ажлаа бүтээлгэн анхны хөрөнгө оруулалт болон тодорхой хэмжээний өгөөжийг амласны үр дүнд тодорхой хугацааны дараа уг нүсэр дэд бүтцийг тухайн улс өөрийн бүрэн мэдэлдээ эргүүлэн авсан байх нь.

Ухаан нь оролцож буй бүх талдаа ямар нэгэн хэмжээгээр өгөөж өгч байна гэмээнэ тухайн төсөл, үйл ажиллагаа маань амжилттайгаар урт удаан хугацаанд амьдрах, хэрэгжих боломжтойг хэлэх гээд мунгинаад сууна. 1+1=3 буюу хамтрах. Хамтын ажиллагааны цогц хүрээг экосистем гэж нэрлэх агаад чоногүй бол ой мод уйтгартай гэдэг шиг л хоорондоо харилцан эсвэл харшилдан шүтэлцээтэй байж гэмээнэ алив юм жинхэнэ утгаараа хөгжөөд байгаа юм уу даа. Яг энэхүү зарчим дээр тулгуурлан Google компани одоо Android Wireless Ecosystem-ийн дэд бүтцийг бүтээж байна. Энэхүү дэд бүтэц дээр дурын гар утас үйлдвэрлэгч, дурын операторууд, дурын аппликашн зохион бүтээгч нар, дурын контент провайдер нар, хүссэн хүн болгон ажиллаж болно гэсэн үг. Эцсийн сонголтыг хэрэглэгч л хийнэ. Үүний эсрэг загвар нь Apple болж таараад байх шиг байгаа юм.  

Монголд уул нь их сонирхолтой нэг төсөл их олон жил яригдаж буй боловч өдий болтол хэрэгжиж чадаагүй л яваа. Тэр нь арилжааны банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн систем. Цаашилбал гар утас, биллингийн цогц систем бүтээх боломжтой. Энэ төсөл хэрэгжвэл ухаан нь дурын АТМ аль ч банкны картыг унших бөгөөд дурын үйлчилгээний газар бүх банкны бүх төрлийн төлбөрийг картыг төлбөрт хүлээн авна. Үйлчилгээний байгууллагууд өөрсдөд нь аль чанартай үйлчилгээ үзүүлж буй банкаа түншээрээ сонгох боломжтой. Дургүйгээ хүрвэл хэзээ л бол хэзээ хүссэн банкаараа солих боломж нь байна. Банк болгон жил бүр Visa international, Master card worldwide-д нижгээд төлбөр төлж байснаас энэ дундын байгууллага руугаа хөрөнгө оруулалт хийгээд үндэсний экосистем үүсгэн олон улсад нэг л субъектийн хүрээнд төлбөр төлөөд яваад байх боломж онолын хувьд бий. Дээрээс нь нэмбэл SWIFТ сүлжээ, банк дундын зээлийн мэдээллийн сан (одоо байгуулагдаж буй) гээд экосистемүүд байж болохоор.

Санхүүгийн зах зээл гээд хөрөнгийн бирж, арилжааны болон хөрөнгө оруулалтын банкууд, даатгалын компаниуд, нийгмийн даатгалын сан, хувийн тэтгэвэр болон итгэлцэлийн сангууд, хадгаламж зээлийн хоршоод, банк бус санхүүгийн байгууллагууд, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч нар, ажилчид, хөрөнгө оруулагч нар, мөнгө дутагдалтай бизнес эрхлэгч нарыг багтаасан цогц экосистем Монголд байж болохоор. Даанч эдгээр нь 1+1=3 биш 1+0=1 эсвэл 0+1=1 зарчмаар хоорондоо ажиллах гээд байдаг. Зарим чадалтай нь (-1)+1=0 зарчмыг бусдад тулгах боловч урт хугацаанд өгөөж байхгүй. Бүр зарим нь харсаар байтал 0+0=0 схемээр ажиллаад байдаг. Цаана нь хувийн дансандаа авилга авдаг юм уу хаашаа юм. Үзээгүй, хараагүй болохоор баталж, хардахад хэцүү ч үүнээс өөр шалтгаан би хайгаад олохгүй юм.  

Сүүлийн үед эсрэг хоёр үгсийн хоршил ихэд “моодонд” орж байна. Competition ба Cooperation-ийн нэгдэл болох Coopetition, Producer ба Consumer-ийн нэгдэл болох Prosumer, Simple ба Complexity-ийн нэгдэл болох Simplexity гэх мэт. Эдгээрийг хүмүүс зүгээр нэг толгой, сүүл нийлүүлж үг зохиож байгаа хэрэг гэж огт бодохгүй байна. Магадгүй дэлхий хавтгай болсон нь дээр үү, эсвэл бөөрөнхий хэвээр үлдсэн нь дээр үү гэдэгт хариулт болох жижиг томъёололууд ч байж болох юм. 

Thursday 17 December 2009

All children’s dream may come true!


Хүүхэд бүр жаргалтай байг!

Шинэ жил гээд Монголд маань бужигнаж байгаа бололтой. Шил шилээ дарсан тансаг үдэшлэг цэнгүүнүүдээс гадна бараг байшин бүрийн орц болгон, давхар болгон “оны шилдэг”-үүдээ шалгаруулах гээд байх шиг. Бие биендээ өгөх урам зориг, шагнал урамшуулал байлгүй яах вэ. Харин энэхүү их эрч хүч бүхий энерги, хөрөнгө мөнгөний өчүүхэн хэсгийг (тансаг ресторанд нэг шил шар айраг авах мөнгөөр эдгээр бяцхан, өрөвдөлтэй үрсэд хөөрхөн бэлэг аваад өгөх боломжтой) хүүхдүүдэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулбал ямар вэ гэж та бүхэнд уриалж, та бүхнээс гуйж байна. Энэхүү санаачлагыг их сургуулийн багш маань санаачлан эхэлж дараах цахим захидлыг надад илгээжээ. Та бүхэн дараах хаягаар нь холбогдоод буян үйлдвэл их олон хүнийг баярлуулна гэдэгт итгэлтэй байна. Энэ олон хүний баярласан сэтгэл оны ямар ч “шилдэг” гэсэн тодотголтой шагналуудаас илүүтэйгээр таны зүрх сэтгэлд хүрэх болно гэж бас бодож байна.

Сайн байцгаана уу! Удахгүй болох Шинэ оны мэнд хүргэе!

Ирэх жилийн ажилд нь амжилт хүсээд хүүхэд баярлуулах буянтай үйлсэд та бүхнийг тус нэмэр болохыг чин сэтгэлээсээ хүсье. Нийгмээс тусгаарлагдаж, өвчиндөө шаналж, хайр энэрэл хүссэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд Шинэ жилийн бэлэг цуглуулах ажилд хувь нэмрээ оруулна уу. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо (ХБХЭЭХ) уг ажлыг зохион байгуулж байгаа боловч өөрсдийн хөрөнгийн эх үүсвэргүй учир та бидэнд хандаж байна. Ихэнх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэртээ байдаг ба гэр бүл нь ядуу, эмзэг бүлэгт хамаарагддаг. Шинэ жилийн баяр бол эдгээр хүүхдүүдийн маш том хүсэн хүлээсэн баяр билээ.

Уг холбоонд УБ хотын 300 гаруй хүүхэд бүртгэлтэй байдаг бөгөөд та бидний өгөх бэлэг бүр хүүхэд бүхэнд сэтгэлийн маш том дэм, гэрэл гэгээ болон очих билээ. ХБХЭЭХ-ны тэргүүн Мөнхдэлгэртэй холбогдож хандивын тухай мэдээлэл өгнө үү. Мөн би найз нар болон таньдаг хүмүүсдээ илгээж байгаа учир надад мэдэгдсэн ч болно.

Холбогдох: Мөнхдэлгэр - 9919-3248, email: apdc@mongol.net (APDC - Association of Parents with Disabled Children).

Бэлэг авч өгөх нь төвөгтэй байвал эцэг эхийн холбоо мөнгийг нь цуглуулаад бэлэг авах ажил зохион байгуулна.

Банк- ХХБ 3-р төв, Данс: 453064275; ХХБХЭЭХ

Таны баярлуулах хүүхэд нэг ч байсан хамаагүй, сэтгэлээсээ өгч буй бүхэн үнэтэй билээ. Нэр, холбоо барих утас, имэйл, хандивийн хэлбэр (шууд бэлгийг нь өөрөө авч өгөх ба бусад), бэлэн мөнгө бол мөнгөний дүн гэсэн мэдээллийг бөглөөд apdc@mongol.net болон samgei1001@yahoo.com руу илгээнэ үү!

Жич: би төсөл дээр ажиллаж байхдаа уг холбоотой хамтарч ажиллаж байсан учир итгэл найдвартайтай гэдгийг нь 100% батлана. Уг холбоо бэлэг цуглуулах, түгээх ажлыг баталгаажуулан тайлагнах болно.

Хүндэтгэсэн
Б.Хишигбаяр

Monday 14 December 2009

Mobile Japan

Дэлхий дээр гар утас хэрэглэдэг нийт иргэдийн 3 орчим хувь нь Япончууд байдаг бол харин 3G технологи бүхий гар утасны дэлхийн нийт хэрэглэгчдийн 33 хувийг Япон улс дангаараа эзэгнэж байна. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлийн үеийн технологийн түүчээ гэсэн үг. Энэ улсад гар утас хүмүүсийн өдөр тутмын хэрэгсэл биш бүр амьдралын үнэ цэнэ нь болсон гэж хэлж болохоор юм. Яагаад гэвэл Японд гар утасгүй хүнийг дотоож өмсөөгүй хүнтэй адилхан гэж ярьдаг юм билээ. Түүчлэн сая нэг сонирхолтой судалгаа явагдаж дүн нь гарав. Амьдрал, карьерийг нь шийдэх чухал уулзалтанд явж байгаад гэнэт та гар утсаа гэртээ мартсанаа санажээ. Буцаж яваад гар утсаа аваад уулзалтаасаа хоцрох, эсвэл таслах, үгүй бол гар утасгүйгээр нэг өдөр болохын алийг нь сонгох вэ гэсэн чинь судалгаанд оролцсон Япончуудын талаас илүү хувь нь гэр рүүгээ явж гар утсаа авна гэсэн байдаг байгаа. Өөр нэг судалгааны дүнг харж байхад жилийн 365 хоногийн 85-аас дээш хувьд гар утас эзнийхээ халаасанд эсвэл гараа сунгаад авах зайнд байдаг гэсэн байсан. Энэ нь Японд төдийгүй Монголд ч адилхан байгаа байх. 

Энд ирээд анзаарсан бас нэгэн сонирхолтой зүйл нь QR код гээд зүйл байна. Баар кодны дараагийн ахисан матрикс түвшин буюу хоёр хэмжээст код. Бүтээгдэхүүний сав, баглаа боодол, төлбөрийн баримт, зар сурталчилгааны самбарууд дээр хаа сайгүй байх. Үүнийг нүдээрээ хараад юу ч ойлгохгүй. Японд байгаа бараг бүх гар утаснууд баар код, QR код уншдаг функцтай байдаг. Камераар зураг авч буй мэт гар утсаараа тухайн хоёр хэмжээст код дээр хэдэн хором барихад автоматаар тухайн компанийн вэб хуудас, блог, цахим мэдээллийн сан руу нэвтэрнэ. Сүүлийн үед хүмүүс нэрийн хуудсан дээрээ вэб, блог хаягнийхаа оронд QR код хэвлэдэг болсон байна. Энэхүү кодыг үүсгэхэд ямар ч асуудал байхгүй. Энэхүү хуудсаар ороод вэб хаягаа өгөхөд энэхүү код үүсгэдэг тусгай вэб хуудсууд байгаа тул та ч гэсэн өөрийн гэсэн QR кодтой болох боломжтой байх нь.

Ирэх арван жилд гар утасны эрин үе болно гэж эндэхийн мэргэжилтэн, судлаачид ярих юм билээ. Учир нь гар утсаар зөвхөн ярих төдийгүй төрөл бүрийн форматтай өгөгдөл, мэдээлэл дамжуулах, радио сонсох, ТВ үзэх, интернэтэд холбогдон компьютер дээр хийдэг бүхий л ажлыг компьютер дээр байдаг бүхий л програмыг ашиглан хийх боломж нэгэнт бүрджээ. Дээрээс нь сайн гар утастай байхад нэмж зургийн аппарат, видео камер ч худалдан авах хэрэггүй болоод удаж байна. Түүчлэн гар утас төлбөрийн хэрэгсэл болоод удаж байна. Банкны олон карт, бэлэн мөнгө халаасалж явах шаардлагагүй болсон гэсэн үг. Энэхүү супер боломж нь хүмүүсийн хооронд мэдээлэл дууны хурдаар дамжих боломжийг олгож байна. Тун удахгүй гар утас, интернэтээр үнэр дамжуулдаг болсон гэвэл би лав хувьдаа гайхахгүй.

Саяхан Google компани андройд технологи дээрээ суурилсан гар утас зах зээлд гаргахаа зарлаад байна. Энэ нь iPhone-ийн хамгийн том өрсөлдөгч болох бөгөөд Samsung ч гэсэн андройд дээр суурилсан Smart Phone дээр хамаг хүчээ хаяхаар шийдсэн тухайгаа цахим хуудас дээрээ зарласан байна билээ. Энэхүү технологийн “аюумшигт” өрсөлдөөн нь гар утасны компаниудын хүрээнээс удахгүй хальж гар утас үйлдвэрлэгч нь ТВ, радио, дижитал болон видео камер үйлдвэрлэгч нарын хамгийн хүчтэй өрсөлдөгч болох магадлал тун өндөр байна гэж би хувьдаа харж эхлээд байгаа. Магадгүй гар утасны компаниуд (үйлдвэрлэгч биш үйлчилгээ үзүүлэгч буюу provider) хэдэн жилийн дараа Цахилгаан станц, Ус суваг ашиглалтын газар, Дулаан Өргөө компаниуд шиг үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц онцгой буюу монополь байгууллагууд болох биз ээ. Магадгүй аль хэдийн болсон байх. Үүнээс болж зарим хүмүүс мэдээллийн аюулгүй байдал, хувь, хувьсгалын нууцлалын асуудлийг сөхөн гаргаж хүчтэй маргаан дэлхий даяар өрнүүлж байна. Хүний хурууны хоёр хээний завсарт багтах тийм жижигхэн чипийг Хитачи хэдэн жилийн өмнө гаргасан юм билээ. Энэхүү чип нь гар утсанд суурилагдахаас гадна бүхий л юманд суурилагдан янз бүрийн зорилгоор хэрэглэж болно. Маш жижиг хэмжээтэй тул залгиад өөрийнхөө биеийн дотоод эрхтэний бүхий мэдээллийг дамжуулан авах, хүүхдийнхээ биенд нь наагаад хаана явааг нь track хийх гэх мэт. Энэ бүх үйлчилгээ энд байх ажгуу.

Ердөө хэдхэн жилийн өмнө нь бид нар энэ боломжуудгүйгээр яаж “болгоод” байсан юм бол гэж заримдаа гайхах. Гар утасны хөгжлийн хувьд Монгол ба Японы хооронд тэгтлээ тасарчихсан зөрүү алга. Дээр дурдсан QR код энэ тэрийг эс тооцвол. Аан тийм. Үйлчилгээний байгууллагууд гар утас руу хөнгөлөлтийн купон явуулдаг юм билээ. Жишээ нь, MacDonalds ийм, тийм бургерийг энэхүү мессежийг үзүүлээд хямдралтай аваарай гээд маркетинг хийдэг. Монголын гар утасны компаниуд тун удахгүй эдгээрийг эх орондоо нэвтрүүлэх биз ээ. Аль оператор нь Гүүглийн андройд утасны анхдагч болох вэ гэдэг нь их сонирхолтой буй.

Уул нь хэсэг хугацаанд ч болтугай гар утасгүй байюу гэсэн энд гар утасгүй бол дээрх бүх боломжийг алдаж буй тул ирэх долоо хоногоос гар утас авахаар шийдэв. Японоор бол “дотоож” авч өмсөхөөсJ

Monday 7 December 2009

Online survey please!

The objective of this survey is to know non-Japanese people’s online purchasing behavior in Japan. We are working on the project for Obata brewery to optimize its electronic marketing performance. Please provide us your preferences by filling in THIS online questionnaire. It takes only a minute. Doomo arigato gozaimasu!

E-Marketing-ийн хичээлийн сүүлийн даалгавар нь Японы Нийгата мужийн алдартай сакэнүүдийн нэг болох Обата саке үйлдвэрийн цахим маркетингийн төлөвлөгөөг хийж гүйцэтгэх захиралд нь тайлагнах учиртай байгаа юм. Үүний тулд маш богино хугацаанд Японд буй гадаад улсын иргэдийн талаар товч мэдээлэл цуглуулах шаардлагатай болов. Та бүхэн Японд түр хугацаагаар байгаа эсвэл аялаж байгаа гэж өөрсдийгөө төсөөлөөд ЭНЭХҮҮ судалгааг бөглөж тусалбал ихэд баярлана.